Хаврын улиралд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?

     Хүүхдийн дархлааг зөвхөн хүйтний буюу өвлийн улиралд дэмждэг ойлголт нь өрөөсгөл. Учир нь хүйтний улирлаас дулааны улирал руу шилжихэд ялангуяа эрс тэрс уур амьсгалтай хаврын улиралд хүүхдийн хувцсыг огцом нимгэлснээс үүдэн биеийн температур буурч, даарахад биед байгаа томуугийн вирус идэвхжиж дархлаа унадаг гэдгийг эрдэмтэд судалжээ. Хүний биеийн температур 33 хэмээс доошоо ороход дархлаа унах нэг том нөхцөл болдог гэж үздэг байна.Тиймээс хаврын улиралд хүүхдийнхээ дархлааг дараах аргаар дэмжээрэй.

Тохирсон зузаантай хувцас сонгон өмсүүлэх 

Хаврын улирал нь цаг агаарын хувьд эрс хувьсамтгай байдаг учир тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамаарч хүүхдийн хувцаслалтад анхаарч биеийн хэмийг алдагдуулах хэт нимгэн болон хөлсөөр тамир тэнхээ алдах хэт зузаан хувцас өмсгөхөөс сэргийлэх. 

Хүүхдийн биед шаардлагатай ВИТАМИН Д тогтмол зохих тунгаар уулгах

Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг. Хүүхдийн нас, кг жингээс хамаараад уух тун нь харилцан адилгүй байдгийг бас анхаарч уулгаж байх шаардлагатай.

Хүүхдийн биед цэгэн иллэг өдөр бүр хийх 

Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд нян, вирусийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсэж, дархлааг идэвхжүүлдэг. Цэгэн иллэгийг хийхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй. 

1.Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг 

2 Хамрын угалзны гадна хэсэг

 3.Доод уруулын хонхор 

4.Төвөнхийн хоёр талд 

5.Эгмийн дээд хонхор 

6.Эрхий, долоовор хурууны дунд 

7.Чихний арын төвгөр хөхлөг ургацаг

 8.Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад.

Амралтын өдрүүдэд хүүхдийг гангатай усанд оруулах эсвэл хар цайтай усанд оруулах

Хүүхдийг гангатай эсвэл хар цайнд оруулахад хүүхдийн биеийн чангарсан булчин суларч, мэдрэлийн ядаргаа тайлагдаж, хүүхдийн биеийн цусан хангамжийг сайжруулах, дархлаа дэмжих нөлөөтэй байдаг . Хүүхдийн усанд ороод дууссаны дараа сүүлний өөхөн тосоор биеийн иллэг хийж өгөөд , дулаанхан унтуулахад хүүхдийн бие маш сайхан амардаг.

Хүүхдийг өдөр бүр 45-60 минут идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах 

Хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй, эрчимтэй байдаг боловч сүүлийн жилүүдэд хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд нэг байрлалд удаан суух, хэвтэх нь элбэг болж, хүүхдийн дунд таргалалт эрс ихсэж байна. Иймээс хүүхдээ өдөр бүр заавал 45-60 минут гадаа тоглуулах, салхинд гаргах, хөгжилтэй бүжиг хамт хийх, гүйж тоглох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

Витамин С баялаг жимсний шүүсийг өдөрт 200-250 мл уулгах 

Витамин С нь хүний бие организмыг хавдар үүсэх эрсдэлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ. Хүүхдэд аль болох витамин С агууламж өндөр агуулсан, аньс, чацарганы шүүсийг өдөрт 3 удаа хоолны дараа өгч, дархлааг дэмжээрэй.